Хүлэг интернэшнл цэцэрлэг

Дэлхийн иргэн болох Монгол хүүхдүүдийг аз жаргалтай, хүнлэг сэтгэлтэй, зөв үнэт зүйлтэй хүн болгон төлөвшүүлэхэд бид тусална.

Хүүхэд насыг
хүүхэд насанд нь.

2026–2027 оны хичээлийн жил

Таны хүүхэд юу сурч, өдрөө хэрхэн өнгөрүүлэх вэ? Манай цэцэрлэгийн хөтөлбөр, арга барил болон гэр бүлд хэрэгтэй мэдээлэлтэй танилцаарай.

БҮРТГҮҮЛЭХ
“
Дэлхий ертөнцийг шинэчлэгч нь хүүхэд юм.

Доктор Мариа Монтессори

Эрхлэгчийн танилцуулга

Жамбалдоржийн Бурмаа

Жамбалдоржийн Бурмаа

Боловсролын удирдлагын магистр

Олон улсын AMI Монтессори дипломтой багш

Ж.Бурмаа нь боловсролын салбарт 27 жил ажилласан туршлагатай, хүүхдийн хөгжлийг дэмжих, боловсролын байгууллагын удирдлага, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр мэргэшсэн боловсролын удирдагч юм. 2025 оноос Хүлэг Интернэшнл цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна.

Боловсрол, мэргэжлийн замнал

  • 1998 — Соёл, урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн
  • 1999 — боловсролын байгууллагад ажиллаж эхэлсэн
  • 2007–2009 — Энэтхэг улсын Мумбай хот дахь Ratan Tata Institute-д суралцаж, AMI (Association Montessori Internationale) Монтессори 3–6 насны багшийн олон улсын диплом хамгаалсан
  • 2013 — Удирдлагын академид боловсролын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан
  • 2025 — Хүлэг Интернэшнл цэцэрлэгийн эрхлэгч

Боловсролын үзэл баримтлал

Хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээ, хөгжлийн хурдад хүндэтгэлтэй хандаж, өөрийн боломжоо нээн хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь миний ажлын гол зарчим.

Урлагийн боловсрол нь надад хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх өвөрмөц арга барилыг олгосон. Энэхүү туршлагаа Монтессори арга зүйтэй хослуулан хэрэглэдэг.

Хүлэг Интернэшнл цэцэрлэгт Монтессори арга зүйг Монголын сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлж, хүүхдийн хөгжлийн бүхий л талыг цогцоор дэмжихийг зорьдог:

  • Бие даасан байдал
  • Танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээ
  • Сэтгэл хөдлөл, эерэг харилцаа
  • Хөдөлгөөн, эрүүл амьдралын дадал
  • Хэл яриа, өөрийгөө илэрхийлэх чадвар
"Хүүхдэд бэлэн хариулт өгөхөөс илүү өөрөө нээж, өөрөө хийж, өөрөө суралцах боломжийг нь бүрдүүлэх" — энэ бол манай цэцэрлэгийн орчны гол зарчим.

Хүүхэд бүрийг харьцуулахгүйгээр хүндэтгэн сонсох, алдаанаасаа суралцах, бие даан сонголт хийх, өдөр тутмын зөв дадлыг бага наснаас нь төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг.

Эцэг эх, багш, хүүхдийн хамтын ажиллагаа

Хүүхдийн хөгжил зөвхөн цэцэрлэгийн орчноор хязгаарлагдахгүй. Эцэг эх, багш, хүүхдийн хоорондын итгэлцэл, нээлттэй харилцаа нь хүүхдийн зөв төлөвшлийн үндэс болдог. Иймд бид хүүхэд бүрийг хайрлан хүндэлж, сонсож, ойлгож, өөрийнхөөрөө хөгжих боломжийг дэмжсэн аюулгүй, эрүүл, ээлтэй орчныг бүрдүүлэхийг зорьж, энэ чиглэлээр тасралтгүй ажилладаг хүүхдийг хүндлэн хайралдаг хамт олонтойгоо нэг баг болон ажилласаар байна.

Бидний үзэл баримтлал

Бид хүүхэд бүрийг давтагдашгүй хувь хүн гэж үзэж, онцлог, сонирхол, хэрэгцээ, хөгжлийн хэмнэлийг нь хүндэтгэж, эрүүл, аюулгүй, халамжтай орчинд тоглож, туршиж, бүтээж, найзлах боломж олгоно. Хүүхэд бүрийг хайрлаж, сонсож, ажиглаж, дэмжин чиглүүлэх нь бидний өдөр тутмын ажил юм.

Хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүй, сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, нийгэмшихүй, харилцаа, бие бялдар, хөдөлгөөн, бие даалт, бүтээлч сэтгэлгээ, зан чанар, зөв хандлагыг цогцоор нь хөгжүүлнэ. Сургуульд бэлтгэхийн зэрэгцээ инээж, сонирхож, асууж, өөрийгөө таньж, хүүхэд насаа хөгжилтэй, аз жаргалтай, дурсамжтай өнгөрүүлэхийг эрхэмлэнэ.

“Хүүхдийн өмнөөс хийх бус, хүүхэд өөрөө хийх боломжийг бүрдүүлэх.”

Энэ зарчмаар хүүхдийг яаруулахгүй, шахахгүй, төгс байхыг шаардахгүйгээр өөрөө сонгох, асуудлаа шийдвэрлэх, алдаанаасаа суралцаж, өөрийнхөө төлөө бодож чаддаг болоход нь тусална. Бид хүүхдийг өөртөө итгэлтэй, аз жаргалтай, бие даасан, хариуцлагатай, бусдыг хүндэлдэг, сониуч, бүтээлч, суралцах хүсэлтэй хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлнэ.

Сургалтын хөтөлбөр

Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг олон улсын Монтессори арга зүй, англи хэл, бүтээлч үйл ажиллагаатай уялдуулна. Сургалт нь хөдөлгөөн, эрүүл мэнд, хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, байгаль, нийгмийн орчин, хөгжим, дүрслэх урлагийг хамарна.

Бид хүүхдийн өөрөө суралцах чадварыг хөгжүүлэхийг зорьдог. Нас, хөгжилд нь тохируулан бэлтгэсэн Монтессори орчинд хүүхэд материалтай ажиллаж, сонголт хийх, төвлөрөх, хөдөлгөөнөө зохицуулах, алдаагаа өөрөө засахад суралцана. Үндсэн таван чиглэл нь:

01

Амьдрах арга ухаан – Practical Life

Өөртөө үйлчлэх, өдөр тутмын ажлаа хийх, орчноо цэгцлэх.

02

Мэдрэхүй – Sensorial

Хэмжээ, хэлбэр, өнгө, бүтэц, дуу чимээг ялгах.

03

Хэл яриа – Language

Сонсох, ярих, авиа ялгах, үгийн сангаа баяжуулах, уншиж бичихэд бэлтгэх.

04

Математик – Mathematics

Тоо, хэмжээ, дараалал, арифметикийн үндсэн ойлголт, логик сэтгэлгээ.

05

Соёл – Culture

Байгаль, амьтан, ургамал, газар зүй, шинжлэх ухаан, урлаг, соёлын анхны ойлголт.

Англи хэлийг тоглоом, дуу, хөгжим, хөдөлгөөн, үлгэр, дүрд тоглох аргаар эзэмшиж, өдөр тутмын энгийн үг хэллэг, харилцаанд суралцана. Хүүхэд зурах, урлах, хөгжимдөх, бүтээх чадвараа дүрслэх урлаг, хөгжим, бүжиг, гар урлал, хөдөлгөөнт тоглоом, байгаль орчны ажиглалт, танин мэдэхүйн үйл ажиллагаагаар хөгжүүлнэ. Нэмэлт дугуйланд төгөлдөр хуур, шатар болон бусад хөгжүүлэх хөтөлбөр багтана.

Багш, хамт олон

Хүлэг Интернэшнл цэцэрлэгийн багш, хамт олон

Багш, хамт олон

Хүлэг Интернэшнл цэцэрлэгийн гал тогооны хамт олон

Гал тогоо, хоол үйлдвэрлэлийн баг

Таны хүүхдийн насны бүлэгт

2

Бага бүлэг – 2 нас

Бие даалт, өөртөө үйлчлэх дадал, хөдөлгөөн, мэдрэхүй, хэл яриа.

3

Дунд бүлэг – 3 нас

Хэл яриа, Монтессори ажил, математикийн анхан шат, урлаг, хөдөлгөөн.

4

Ахлах бүлэг – 4 нас

Хэл, математик, соёл, шинжлэх ухаан, бүтээлч үйл ажиллагаа, бие даалт.

5

Бэлтгэл бүлэг – 5 нас

Сургуульд бэлтгэх чадвар, хэл, математик, танин мэдэхүй, бие даан суралцах чадвар.

Эдгээр үйл ажиллагаа нь оюун ухаан, танин мэдэхүй, ажиглах, харьцуулах, учир шалтгааныг ойлгох чадвараас гадна сэтгэл хөдлөлөө таних, илэрхийлэх, зохицуулах, өөрийгөө болон хэрэгцээгээ ойлгомжтой илэрхийлэх, найз нөхөдтэй болох, хамтран ажиллах, эрүүл дадал эзэмшихэд тусална.

Хүүхдийн ахицыг өдөр тутмын ажиглалт, оролцоо, бие даалт, төвлөрөл, харилцаа, суралцах үйл явцад үндэслэн баримтжуулна. Бусадтай харьцуулахгүй, өөрийнх нь өмнөх ахицтай холбон үнэлнэ.

Бидний гол асуулт: “Энэ хүүхэд өчигдрөөсөө өнөөдөр юугаараа хөгжсөн бэ?”

Цэцэрлэгийн өдөр тутмын амьдрал

Суралцах, тоглох, хөдөлгөөн хийх, амрах хэрэгцээг тэнцвэртэй хангана.

Өдрийн хөтөлбөрт өглөөний хүлээн авалт, дасгал, өглөөний цай, сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаа, зугаалга, хөдөлгөөн, тоглоом, өдрийн хоол, амралт, Монтессори цаг, хөгжим, дуу, шүлэг, үлгэр, англи хэл, бүтээлч үйл ажиллагаа, чөлөөт тоглоом, өдрийн төгсгөл, таралт багтана. Ийнхүү суралцах, тоглох, хөдөлгөөн хийх, амрах хэрэгцээг тэнцвэртэй хангана.

Ангидаа хүүхэд сонгосон ажлаа төвлөрөн дуусгах, хэрэглэгдэхүүнээ зөв ашиглаж буцаах, бусдын ажилд саад болохгүй байх, аядуу харилцах, найзыгаа хүндэтгэх, ээлжээ хүлээх, болгоомжтой алхах, орчноо цэвэр, эмх цэгцтэй байлгах дадал эзэмшинэ. Бид сахилга батыг үлгэр дуурайлал, ойлголт, чиглүүлэг, дэмжлэгээр төлөвшүүлнэ.

2026–2027 оны сарын сэдвүүд

Жилийн турш дараах сэдвээр хүрээлэн буй орчин, амьдралын бодит ойлголтыг хүүхдийн насанд тохируулан танин мэдүүлнэ.

9-р сар Би – Миний бие эрхтэн • Миний гэр бүл
10-р сар Хоол хүнс • Намрын цаг агаар
11-р сар Хувцаслалт • Нүүдлийн шувууд
12-р сар Өвлийн цаг агаар • Баяр ёслол
1-р сар Амьтан • Өвөлждөг шувууд
2-р сар Дээл • Цагаан сар
3-р сар Ажил, мэргэжил • Хаврын цаг агаар
4-р сар Ургамал • Таван хошуу мал
5-р сар Шавж • Замын хөдөлгөөн

Гэр бүлтэйгээ хамтдаа

Хүүхдийн аз жаргал, хөгжил, ирээдүйн төлөө цэцэрлэг, багш, гэр бүл нэг баг болж ажиллана. Та эцэг эхийн уулзалт, сургалт, зөвлөгөөнд оролцож, хүүхдийнхээ өдөр тутмын хөгжил, ахиц, зан төлөв, сэтгэл хөдлөл, эрүүл мэнд, суралцах үйл явцын талаар багштай нээлттэй мэдээлэл солилцоорой. Санал хүсэлт, асуудлыг хүүхдийн эрх ашгийг урьтал болгон, бусдын дэргэд бус, зохих харилцааны сувгаар хүндэтгэлтэй ярилцаж шийдвэрлэнэ.

  • Өдөр бүр хүүхдээ сонсож ярилцан, ном уншиж өгөөрэй. Хамт тоглох, бүтээлч зүйл хийх цаг гаргаарай. Асуултад нь тэвчээртэй хандаарай.
  • Хувцас, гутлаа өмсөж тайлах, тоглоом, ном, эд зүйлээ хураах, ширээ засах, жижиг гэрийн ажилд оролцох боломжийг насанд нь тохируулан олгоорой.
  • “Чи чадна” гэж урамшуулж, бие даасан жижиг үйлдэл, оролдлого, ахиц бүрийг нь дэмжээрэй. Алдааг нь ойлгохыг хичээж, өөрөөр нь бодож шийдвэрлүүлэх боломж олгон, бусадтай бүү харьцуулаарай.
  • Цэцэрлэгт эзэмшсэн дадлыг гэрт нь үргэлжлүүлээрэй. Бүхнийг өмнөөс нь хийж өгөх нь бие даах үйл явцыг удаашруулдаг тул өөрөөр нь хийх боломжийг нь хадгалаарай.

“Надад өөрөө хийхэд туслаач.” — Монтессори боловсролын суурь санаа

Эцэг эхэд хэрэгтэй мэдээлэл

Ирэх ба тарах цаг.

Цэцэрлэгийн үндсэн ажиллах цаг 08:00–18:00. Цагтаа ирэх нь хүүхэд өдрөө тайван, итгэлтэй эхлүүлэхэд тустай. Хүүхдээ тогтсон цагт хүргэж, багшид биечлэн хүлээлгэн өгч, биеийн байдал, сэтгэл санааны шаардлагатай мэдээллийг хуваалцаарай. Хоцролтоос аль болох зайлсхийж, ангид тоглоом, хоол, ундаа зэрэг шаардлагагүй зүйл авчруулахгүй байна.

Хүүхдээ авах хүн.

Зөвхөн бүртгэгдсэн, зөвшөөрөгдсөн хүн хүүхдийг авна. Өөр хүн авах эсвэл 18:00 цагаас хойш авах бол цэцэрлэгт урьдчилан мэдэгдэнэ. Илүү цагийг цэцэрлэгийн төлбөрийн нөхцөлийн дагуу зохицуулна.

Өвдсөн эсвэл ирэхгүй үед.

Ирэх боломжгүй бол тухайн өглөө аль болох эрт багшид заавал мэдэгдээрэй. Биеийн байдлыг нь ажиглаж, өвчний шинж тэмдэгтэй, халдвартай эсвэл бусдад халдварлах эрсдэлтэй өвчний үед цэцэрлэгт явуулахгүй, шаардлагатай бол эмчийн зөвлөгөөг дагана. Бусад хүүхдийг хамгаалах үүднээс өвдсөн хүүхдийг хүлээн авахгүй.

Эрүүл мэнд ба хүүхэд хамгаалал.

Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний хариуцлага. Харшил, эрүүл мэндийн мэдээллийг үнэн зөв өгч, холбоо барих мэдээлэл өөрчлөгдвөл багшид нэн даруй мэдэгдэнэ. Цэцэрлэгт байхдаа өвдөх, осол гэмтэл авах тохиолдолд холбогдох журам, анхан шатны тусламжийн дагуу арга хэмжээ авч, эцэг эхэд шуурхай мэдээлнэ. Хүүхэд бүр хүндлүүлэх, сонсогдох, аюулгүй байх, өөрийнхөөрөө хөгжих эрхтэй. Айлгах, доромжлох, басамжлах, алгадах, хүчирхийлэх, бусадтай харьцуулах, нэр төрийг нь гутаах, айдас, шийтгэлээр хүмүүжүүлэхийг үл зөвшөөрнө.

Хувцас ба хэрэглэгдэхүүн.

Эцэг эх, асран хамгаалагч та биед эвтэйхэн, хөдөлгөөнд саадгүй, улиралд тохирсон, өөрөө өмсөж тайлахад хялбар хувцас сонгоорой. Ангид өмсөх хөнгөн, хөлд эвтэйхэн, өмсөж тайлахад хялбар углааш, улиралд тохирсон солих хувцас заавал бэлтгэнэ. Хувийн болон хичээлийн хэрэглэгдэхүүнийг нас, хөгжлийн онцлогт нь тохируулан, насны бүлгийн тусдаа жагсаалтын дагуу бүрэн бүрдүүлж, аюулгүй, чанартай, насанд тохирсон, хэрэглэхэд хялбар, байгальд ээлтэй бүтээгдэхүүн сонгоорой. Эд зүйлд нь нэрийн тэмдэглэгээ хийхийг зөвлөе.

2026–2027 оны хичээлийн жилийн календарь

2026–2027 оны хичээлийн жилийн календарь

Төлбөр ба шилжилт

Сургалтын төлбөр нь сургалт, хөгжлийн үйл ажиллагаа, хоол хүнс, Монтессори материал, сургалтын хэрэглэгдэхүүн, багш, ажилтны цалин, сургалт, багшийн хөгжил, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байр ашиглалт болон бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлнэ. Санхүүгээ ил тод, хариуцлагатай, үр ашигтай, зориулалтын дагуу, баримтад тулгуурлан удирдана.

Төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, хөнгөлөлт болон бусад нөхцөлийг цэцэрлэгтэй байгуулсан гэрээ, батлагдсан журмаар зохицуулна. Хүүхдээ шилжүүлэн гаргах бол урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Шилжилт, төлбөрийн буцаалт, тооцоог гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.

Хүүхдээ бидэнд итгэн хүлээлгэн өгч буй таны итгэлийг бид өндөр хариуцлага гэж үздэг. Хүүхэд бүр өөрийн хэмнэлээр өсөж, өөрийн замаар хөгжиж, өөрийнхөөрөө гэрэлтэг.

БҮРТГҮҮЛЭХ